top of page
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК-ийн анхны БОНЗ-ын тайлан гарлаа



Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргалаа. Ямар учиртай төсөл вэ? Тайлангийн онцлох зүйл юу байв? 


  • Халзан бүрэгтэй төсөл: Энэ нь МНРИК ХХК-ийн 2012 оноос Ховд аймгийн Мянгад сумын нутагт хэрэгжүүлж байгаа 100% Монголын хөрөнгө оруулалттай, хайгуулын түвшинд явж буй ГХЭ-ийн төсөл билээ. ГХЭ нь гар утасны дэлгэцээс эхлээд EV, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэгт ашиглагдах 17 элементийн бүлэг юм.


Төслийн учир начир


Халзан бүрэгтэй төслийн хувьд металлын үйлдвэрлэл, EV, салхин турбин зэрэгт ордог эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий 4 элементийн нөөцтэй. Цаашид уурхайд түшиглэн гидрометаллургийн үйлдвэр барьж ГХЭ-ийн нийлмэл исэл үйлдвэрлэн экспортлохоор төлөвлөж байгаа аж.


БОНЗ-ын хүрээнд юу хийв? 


МНРИК ХХК нь эрчим хүчний болон усны менежмент, хүлэмжийн хийн ялгаруулалт, хөрсний бохирдол, аюулгүй байдал, ил тод байдал зэрэг БОНЗ-ын үндсэн чиглэлийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж буй. Иймдээ ч ОУ-ын жишгийг даган Монголын уул уурхайн компаниудын тэр бүр гаргаад байдаггүй тайланг хайгуулын үедээ гаргасан биз ээ. 


  • Тайлангаас ухвал, тэд Гүний болон гадаргын усны шинжилгээ хийлгэж бүх үзүүлэлтүүд нь стандартын түвшинд гарсан байна. Улмаар өнгөрсөн онд хайгуулын ажлын хүрээнд нийт 24,496 м3 ус ашигласан байна.

  • Хайна, сэргээнэ: Түүнчлэн хайгуулын үеэр байрлуулсан кемпийн 1,25 га газарт стандартын дагуу техникийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд кемп орчимд агаар дахь тоосжилтыг бага байлгахаар хурдны хязгаарыг 5 км/ц байлгасан аж. Мөн хог хаягдлын менежмент, аюулгүй байдлыг ч хангаж ажиллажээ.


Нөлөөлөл


Уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид тухайн орон нутгийнхаа ажил эрхлэлт, эдийн засаг, ЖДҮ-ийг дэмжин ажилладаг. Энэ ч утгаараа Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил нь богино хугацаанд өрнөсөн ч Ховд аймгийн бизнес эрхлэгч, ЖДҮ-ээс ₮391 саяын худалдан авалт хийсэн байна. Хайгуулын шатнаас олборлолт руу шилжих үед энэ тоо нэлээд нэмэгдэх нь дээ. 


  • Өөрчлөлт гарах уу? Ховдын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд тийм ч сайн биш. Тодруулбал, тус аймгийн дундаж цалин ₮1.8 сая буюу улсын дунджаас 26.6% бага, өрсөлдөх чадвараараа 21-ээс 15-д жагсдаг.

  • Нөлөөлөл: Уг төсөл нь Ховдод хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг гэдэг утгаараа Баруун бүсийн кластер хөгжлийг дэмжиж, төсөл амжилттай хэрэгжих үед Ховдын ажил эрхлэлт нэмэгдэж, нөхцөл байдал сайжрах боломжтой байна.

Цаашид юу болох вэ? 


Компани өдгөө өнгөрсөн онд хийсэн геологи хайгуулын ажлын үр дүндээ үндэслэн төслийн Урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээг бэлтгэж, технологи сонголтын туршилтуудыг хийж байна. Үргэлжлэн уг төслийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэх аж. ГХЭ-ийн олборлолт эхэлчихвэл эрдэс баялгийн экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдал буурахаар байна даа. 


0 comments

תגובות


bottom of page