top of page
  • Facebook
  • Twitter
  • Instagram
DSC_5468_edited.jpg

МЭДЭЭ

Ирээдүйг бүтээлцэх залуу инженер



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын уул уурхайн салбарт шинэ эрдэс баялгийг олборлохоор тэмүүлж буй хамт олноосоо залуу инженер эмэгтэйг онцолж байна. Г.Бямбажавын маань урам зориг өгсөн бодит түүх, хүсэл тэмүүлэл нь уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж, шинэ үеийн залуус ирээдүйгээ хэрхэн бүтээж буйг харуулсан бодит жишээ юм. 🚀💡


Таныг уул уурхайн салбарт хөтөлсөн хамгийн том шалтгаан юу байсан бэ?

Би бага байхдаа өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг болох Баянхонгорт их очдог байлаа. Урин дулаан цагт байгалийн сайхныг мэдэрч явахын хажуугаар миний сэтгэлд нэгэн толбо үлдсэн нь гар аргаар алт олборлогчид буюу бидний хэлж заншсанаар "нинжа" нарын ухаж сэндийчсэн газар байсан юм. Мэргэжлийн бус, нөхөн сэргээлт хийгээгүй үлдээсэн газруудыг хараад үүнд хэн хариуцлага хүлээж, байгаль орчныг хэн аврах вэ гэсэн асуулт намайг уул уурхайн салбар руу хөтөлсөн юм. Хэсэг хүний хариуцлагагүй үйлдлээс үүдэн байгаль орчин, нутгийн иргэд цаашлаад салбарын мэргэжлийн компани, тэдгээрийн олон ажилтан хохирч үлддэг нь маш харамсалтай. Иймээс л өөрөө яг мэргэжлийг нь эзэмшээд Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд гар бие зүтгэхээр шийдсэн.




Уул уурхайн салбарт ажиллахын хамгийн сайхан болон хамгийн сорилттой тал нь юу вэ?

Миний мэргэжил Баяжуулалтын инженер. Орд бүрийн шинж чанар нь олон хүчин зүйлээс улбаатайгаар өөр өөр байдаг. Харин миний мэргэжлийн хувьд ордын шинж чанарт тохируулж боловсруулалтын хамгийн үр ашигтай арга аргачлалыг гаргах нь сонирхолтой бөгөөд том сорилт нь. Халзан бүрэгтэй ордын олборлолт одоохондоо эхлээгүй ч ирээдүйд бидний зорьж, тэмүүлж буй зүйл бол маш үнэ цэнтэй санагдаж байгаа. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортолж ногоон ирээдүй рүү тэмүүлж буй дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмэр оруулах боломжтой гэхээр үнэхээр догдлом бас бахархам биш гэж үү.

 

Эмэгтэй инженерийн хувьд энэ салбарт тулгардаг бэрхшээл, даван туулсан сорилтуудаасаа хуваалцахгүй юу?

Уул уурхайн салбарт хүйсийн ялгаа, эрэгтэй, эмэгтэй хүний хийх ёстой ажил гэж байдаггүй бөгөөд зөвхөн ур чадвар, мэдлэгээрээ л ялгардаг гэдгийг жил ирэх тусам ойлгосоор байна.

Би оюутан байхдаа Дорнод аймгийн Политехникийн коллежид танилцах дадлага хийж байсан юм. Тэр үед уурхайн гагнуурчид болон засварчдын өдөр тутмын ажлыг зах зухаас нь хийж үзсэн. Энэ нь оюутан Г.Бямбажийг мэргэжлийн үнэ цэнээ илүү ойлгож цаашид ямар нөхцөлд ажиллахаа мэдрэх боломжийг олгосон гэж би боддог. Энэ мэтчилэн оюутан ахуйгаасаа хойш эмэгтэй гэж хойш суулгүйгээр ирээдүйн том зорилгынхоо төлөө хичээж байгаа.

 

Цаашид өөрийгөө энэ салбарт хэрхэн хөгжүүлэх, ямар өндөрлөгт хүрэх зорилготой байна вэ?

Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлнэ гэдэг урд гарч байгаа ганцхан хүний хөдөлмөр биш баг хамт олны урт хугацааны хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл, хариуцлагатай салшгүй хамааралтай. Иймээс ч би залуу хүний хувьд хамт ажиллаж байгаа чадварлаг инженер мэргэжилтнүүдээсээ суралцаж, туршлага хуримтлуулаад уул уурхайн мэргэшсэн сайн мэргэжилтэн болохыг зорьж байна. Бүр цаашлаад Монголын уул уурхайн салбарт шинэ хуудас, хөгжилд шинэ хүч нэмэх томоохон төслийн багийн нэг хэсэг болж гар бие оролцох нь миний хамгийн том зорилго болоод байна.

 


 
 

Comments


bottom of page