Дэлхийн хамгийн том газрын ховор элементийн 5 компанийн зах зээлийн үнэлгээ Монголын ДНБ ($19.87 тэрбум)-ээс ойролцоогоор 3.5 дахин том байна.
*2024 оны 9 сарын байдлаар
Манай урд хөрш газрын ховор элемент (ГХЭ)-ийн нийт илэрсэн нөөцийн 29.3%-тай тэнцэх хэмжээний буюу 44 сая тонны нөөцтэйгөөс гадна China Northern Rare Earth High-Tech бол дэлхийн хамгийн том ГХЭ-ийн компани.
Тус компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 5 жилд 42.8% өссөн байна.
Дэлхийн томоохон ГХЭ-ийн компаниуд ихэвчлэн нээлттэй байдаг бөгөөд China Northern Rare Earth High-Tech-ийн ногдол ашгийн өгөөж нь дунджаар 0.42% байдаг аж.
Түүнчлэн ГХЭ-ийн топ компаниудыг харахад ихэнх нь Хятад, Австрали, Америкийн компаниуд байгаа юм.
Австралийн хамгийн том ГХЭ-ийн компани болох Lynas-ийн хувьд л гэхэд жилд 22,000 тонн орчим ГХЭ үйлдвэрлэж дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ дэх Хятадын нөлөөг бууруулж, төрөлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Америкийн хамгийн том ГХЭ үйлдвэрлэгч MP Materials ч мөн улсынхаа хамгийн том ГХЭ-ийн уурхай болох Mountain Pass-с жил бүр 15,000 тонн орчим ГХЭ олборлож Хятадын импортын хараат байдлыг бууруулж буй.
Жил ирэх тусам эдгээр компани сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг салбарууд болон улсынхаа эдийн засаг, хараат бус байдалд өөрсдийн оруулах бодит хувь нэмрийг бататгасаар байна.
Эх сурвалж: Yahoo! Finance
Comments